Солонго сургууль

Дунд ангийнхан

Эх болсон монгол хэлээрээ ярьж, ойлгож сурах гэж бага ангид суралцаж байсан хүүхдүүд мань энэ жилээс ярьж ойлгохоос гадна бичиж, уншиж сурахаар дунд ангид дэвшин суралцаж байгаа.

Энэ ангид долоо хоногт 2 цагийн хичээл ордог. Үүний нэг цаг нь яриа , нөгөө цагт бичгийн хичээл ордог.

Бичгийн хичээл дээр долоо хоног бүрт нэг үсэг үзэж байгаа. Жирийн сургуульд бол долоо хоногийн турш үздэг нэг үсгийг манай хүүхдүүд зөвхөн нэг цагт л үздэг учир гэртээ сайн эцэг эх нь давтуулах шаардлагатай байдаг. Хичээлийн жилийн эцэст 35 үсгээ үзэж дуусгах,ойр зуурын үг өгүүлбэр уншдаг бичдэг болох зорилготой. Ярианы хичээл жишээлбэл дараах сэдвүүдээр явагдана.

  • ТАНИЛЦАХ МЭНДЛЭХ
  • МИНИЙ ГЭР БҮЛ
  • МИНИЙ НЭГ ӨДӨР
  • АХ ЗАХАА ХҮНДЛЭХ МОНГОЛ ЁС ЗАНШИЛ
  • МИНИЙ ДУРТАЙ ИДЭХ ЮМ
  • МИНИЙ НАЙЗ
  • 5 ХОШУУ МАЛ
  • ЦАГААН САР
  • ГАРЫН 5 ХУРУУ
  • МИНИЙ ЭЭЖ
  • ӨНГӨ ХЭЛБЭР ДҮРС
  • АЛУНГОО ЭХИЙН ДОМОГ
  • МИНИЙ ХАЙРТАЙ АМЬТАН
  • ТӨРИЙН ДАЛБАА
  • МОНГОЛ НУТАГ
  • НААДАМ

Үүнээс гадна хичээлийн жилийн явцад нийт 3 монгол дуу,3 оньсого,3 шүлэг,3 зүйр цэцэн үг сургах төлөвлөгөөтэй. Хичээлийн жилийн эцэс гэхэд хүүхдүүдийн маань монгол үгийн баялаг нэмэгдэж , уншсанаа ойлгох чадварыг сайжруулж бүтэн өгүүлбэрээр ярьж сургах зорилготой.

Дунд ангийн багш Ө. Оюунтүлхүүр

Бага ангийн сургалтын журам

*Elefant* буюу Заан нэртэй бага анги маань одоогийн байдлаар тогтмол ирдэг 2 настай 4 хүүхэдтэйгээр хичээллэж байгаа. Солонго сургуулийн маань хамгийн отгон нь болох жаахан хүүхдүүд маань насны хувьд их онцлогтой анги гэхэд болно. Хэлд орж эхэлж байгаа энэ хүүхдүүдийн хувьд хичээлийн 1 цагийн туршид багш, эцэг эхчүүд, хүүхдүүдтэй монголоор ярьж, тоглож, элдэв зүйлс хамтдаа урлах, зураг будах, үлгэр уншиж өгөх гэх мэтчилэн аль болох багш, ээж аав, хүүхдүүд гурвуулангийн хамтын харьцаа маягаар хичээл маань явагддаг бөгөөд аль болох тэдний насанд нь зориулагдсан тоглоом тоглох, монгол хэлээрээ ярьдаг орчин үүсгэж байгаа нь чухал юм. Хүүхдүүд маань бага ч гэсэн 1 цагийн туршид ингэж монгол хэлээ сонссоноор цаашид эх хэлээ сайн сурахад нь суурь болгохыг зорилго болгож байгаа юм.

Бага ангийн багш С. Төгсжаргал